Ахуйн тухай сургаал

Ахуйн тухай сургаал

Ахуйн тухай философи сургаалуудыг янз бүрийн үндэслэгээний үүднээс өөр өөрөөр хэв маяг болгон ангилж болдог. Ахуйн тухай сургаалуудыг нэн түрүүнд:

 а) сонгодог философийн;

б) сонгодог биш философийн хэмээн хоёр том бүлэгт хуваадаг.

Ахуйн тухай сонгодог философи үзлийн үүсэл, хөгжил

Ахуйн тухай асуудлыг анх хөндсөн эртний бичгийн дурсгалууд бол эртний Энэтхэгийн Ведүүд аж. Тэдгээрт өгүүлэхдээ: эхлээд "асат" байснаа тэр нь "сат" болж хувирсан гэж байдаг аж. "Асат" гэдэг үгийг нь орчуулбал "ахуй биш", харин "сат" гэдэг үгийг нь орчуулбал "оршигч ахуй" гэж болдог байна.

Орчин үеийн философи дахь ахуйн тухай янз бүрийн философи ойлголтын бараг бүгдийнх нь үл хөврөл болохоор тийм санаанууд эртний Грекийн философид байдаг.

Философи үзэлдээ "ахуй" гэдэг ойлголтыг эртний Грект анх хэрэглэсэн сэтгэгч нь Парменид юм. Ахуйн тухай түүний үзэл нь XIX, XX зууны зарим философич: ертөнцийн нэгдэл нь түүний ахуйд оршдог гэж үзсэний угтал болж өгсөн гэгддэг.

Мөн сонгодог биш философи дахь ахуйн тухай янз бүрийн баримтлалд арга зүйн хувьд үр хөврөл нь байж чадах санааг Протагор илэрхийлжээ. Тэрээр: хүн бол өөрийн ахуйтай байгаанууд, бас өөрийн ахуйгүй тийм байгаа бишүүд зэрэг бүх юмсын хэмжүүр мөн гэсэн юм. Энэ томьёололтой арга зүйн хувьд тохирох философи санааг эртний грекчүүд илэрхийлж "үнэний дагуух ахуй", "санаа бодлын дагуух ахуй" хоёрыг зааглан тайлбарлажээ. Тийм ангилал нь ахуйг объектив ба субъектив хоёр янзаар илэрхийлэх, заримдаа субъектив илэрхийлэл нь давуу байх бололцоог ямар нэг байдлаар олж харжээ.

Эртний Грекийн философийн сонгодог үеийн төлөөлөгч Аристотель энд чухал байр суурьтай. Ахуйг мэдрэгдэгч, доод ахуй; цэвэр санаа байдагт жинхэнэ ахуй гэж Платон хоёрхон шатлалтай хуваасан нь учир дутагдалтай гэж тэрээр үзсэн байна. Тэгээд Аристотель ахуй бол мэдрэгдэгч төвшнөөс антеллигибель (ер бусын) төвшин хүртэлх олон төвшинтэй гэж үзсэн байна. Бас тэрээр,"байгаа", "ахуй" гэдэг хоёр ойлголтыг нэлээд тодотгон зааглаж, "байгаа бол ахуйг эзэмддэг" гэж бичжээ. Түүний "Метафизик" гэдэг нэрээр алдаршсан бүтээлд: "байгаа бол олон аргаар хэлэгдэгч мөн" гэсэн тодорхойлолт томьёолсон байдаг. Тэгээд байгаагийн 4 төрөл (хэлэгдэгч) байдаг гэсэн ангилал гаргажээ. Тэдгээр нь: 1). ирэхүй (нэмэгдэхүй); 2). үнэн; 3). категориуд; 4). бололцоо ба бодит байдал зэрэг юм. Энэ ангиллын төрлүүдэд (хэлэгдэгчүүдэд) субъектив чанар чухал ач холбогдолтой гэж Аристотель үзэж байсан аж.

Дундад зууны нөхцөлд ахуй, түүний бүтцийн асуудлыг христос шашны философид авч үзээд бурхан тэнгэрлэг "жинхэнэ" ахуй, бүтээгдмэл ахуй хоёрын заагийн тухай тайлбарладаг байв. Энэ нь орчин үеийн Өрнөдийн шашны философийн зарим чиглэлд уламжлагджээ.

Баруун Европын Сэргэн мандалтын философичид  ахуйн   тухай    категорийг 

шашны  үзэлд  тохируулан  ингэж тайлбарлахаас татгалзаж, ахуйг байгальтай адилтгаж байв. Энэ нь ахуйн тухай шинэ шинэ баримтлал XVII-XVIII  зуунд гарч ирэхэд хүргэжээ. Тэдгээр баримтлалд ахуй бол хүнд эсрэг бодит байдал, хүн үйл ажиллагаагаараа эзэмшдэг зүйл мөн хэмээн тайлбарлаж иржээ. Чухам энэ үеэс хойш ахуй бол ул өөрчлөгдөх субстанци, субъектэд эсрэг объект мөн гэдэг үзэл хүчтэй дэлгэрэх болсон байна. Ийм утгын үүднээс ахуй бол зөвхөн байгалиар, байгалийн зүйлсээр хязгаарлагдаж, оюуны зүйлсийг өөртөө үл багтаадаг. Гэхдээ ахуйн тухай ийм материалист ойлголтыг өрөөсгөл хэмээн шүүмжилдэг төлөөлөгч тэр үед цөөнгүй байв. Тухайлбал Декарт ухамсар ба өөрийгөө ухамсарлахуйг шинжилснийхээ үндсэн дээр: "Би сэтгэдэг, иймээс ч би оршдог" хэмээсэн нь ахуйг нэн түрүүнд сэтгэгч "Би" хэмээн үзэхийг үндэслэсэн хэрэг юм. Бас Лейбниц: ахуй бол монадууд хэмээх оюуны субстанциудын үйл ажиллагааны тусгал мөн гэснээрээ тодорхой хүнээс, субъектээс үл хамаарал оюуны эхлэл байх тухай санааг илэрхийлжээ.

Тийнхүү XVII-XVIII зууны Европын философичид ахуйн аль нэг бололцоотой тодорхой хэлбэр ба хүрээг авч үзэж байсан аж.

Германы сонгодог философийн төлөөлөгчид И.Кант, Фихте,  Шеллинг нар ахуй бол хүний үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрт хэрэгжих санааны зүйлс байдлаар байж болно хэмээн тайлбарлажээ. Тэдний үзлээр ахуйн тухай ойлголт бол субъектийн ухамсрын зарим тал, зарим чадварын үр дүн байдаг.

Ахуйн тухай асуудлыг Ф.Энгельс ертөнцийн нэгдлийн асуудалтай холбон материалистаар авч үзсэн билээ. Тэрээр ертөнцийн ахуй бол түүний материаллаг нэгдлийн урьдчилсан нөхцөл мөн гэж үзсэн. Энгельс материаллаг ертөнцийн оршихуйг "ахуй" хэмээн илэрхийлж, харин ахуйг субстанци мөний нь хувьд түүнийг материтай адилтгадаг.

Сонгодог философийн хүрээнд ахуйн тухай асуудлыг улам нухацтай боловсруулсан нэг философич бол германы философич Николай Гартман (1882-1950) билээ. Тэрээр нэн түрүүнд дараах хоёр зүйлээр онтологийн салбарт чухал хувь нэмэр оруулсан байна. Үүнд: нэгдүгээрт, тэрээр эртний сэтгэгчид, улмаар сонгодог биш философийн нэг төлөөлөгч М.Хайдеггер зэрэг судлаачид "байгаа", "ахуй" гэдэг хоёр категорийн харьцааны асуудлыг авч үзсэнийг шинжлээд өөрийн дүгнэлтийг өгсөн байна. Түүний дүгнэлтээр үнэн байж чадах зүйл, үнэн хоёр, бас бодитой байж чадах зүйл, бодит байдал хоёр яаж ялгагддаг вэ, яг тэдгээр шиг байгаа, ахуй хоёр ялгагдана. Үнэн байж чадах зүйл маш олон, харин энэ олон доторх үнэн ахуй өөрөө ганц байдаг. Бодитой байж чадах зүйл маш олон янз байж, харин тэдгээр доторх ганц бодит байдал, ахуйн ганц модус (илрэл) байдаг.

Эдгээр санаанаас дүгнэлт хийвэл Н.Гартманыхаар нэгэнтээгүүр байгаа гэдэг бол ахуй нь адил буй тийм олон янз; нөгөөтээгүүр ахуй бол аливаа байгаагийн оршихуй мөн.

Хоёрдугаарт, Н.Гартман ахуйг зарим үндэслэгээний үүднээс янз бүрээр ангилсан байдаг. Тухайлбал: 1). ахуйн талууд, үүнд "бэлэн ахуй" буюу "оршин байхуй" ба тодорхой ахуй; 2). ахуйн аргууд, үүнд бодит байдал ба санаалаг байдал; 3). ахуйн модаль шинжүүд, үүнд бололцоо, бодит байдал, зайлшгүй чанар. Улмаар тэрээр ахуйн тал тус бүрт олон давхраа буюу шат байдаг тухай өгүүлсэн юм. Үүнд, бодит ахуйд матери, амьдрал, ухамсар, оюун ухаан; танин мэдэхүйд хүртэхүй, бясалгал, мэдлэг; логикийн хүрээнд ойлголт, бодомж, оюун дүгнэлт зэрэг давхраа байдаг гэж ангилжээ.

Ийнхүү Н.Гартман ахуйн тухай сонгодог философийн хүрээнд боловч түүнд байдаг монизмыг даван туулаад олон ургалч үзлийн зарчмыг тэнд тууштай хэрэглэсэн гавьяатай.

Ахуйн тухай сонгодог биш философийн зарим баримтлал

Ахуйн тухай сургаал аваас сонгодог философийн хамгийн цөм асуудал болж ирсэн бөгөөд XIX зууны 30-40-өөд оноос хойш үүссэн позитивизм зэрэг сонгодог биш философийн янз бүрийн чиглэлүүд сонгодог онтологийг түүхийн хувьд үеэ өнгөрөөсөн сэтгэлгээ мөн гэж зарлах болсон билээ. Хэдий тийм боловч сонгодог онтологи эдүгээ хүртэл оршин тогтнолоо хадгалж ирсэн юм. Үүний хамт сонгодог биш философийн олон чиглэл өөр өөрийн өвөрмөц онтологи баримтлал боловсруулсан билээ. Бид энэ удаад сонгодог биш онтологийн зарим гол төлөөллийг авч үзэх болно.

Ахуйн тухай сонгодог биш баримтлалууд анх Германд, нэн түрүүнд Гегелийн идеалист онтологийг шүүмжлэх үндсэн дээр үүсчээ. Жишээ нь: германы философич Вильгельм фон Гумбольдтын дүгнэлтээр Гегелийн идеалист систем дэх "туйлын (абсолют) субъект" гэдэг ойлголт бол эртний грекчүүдийн "фюзис", "космос" гэдэг хоёрдмол утгатай ойлголт, улмаар христос шашны ("бурхан тэнгэр", "ертөнцийн эзэн" гэх мэтээр манайд орчуулдаг) "god - бог" гэдэг ойлголт-энэ хоёрыг уламжилж аваад синтезлэсэн. Ийм онтологи ойлголтыг Гегель дан сэтгэхүйн бясалгалаар боловсруулсан. Угтаа онтологи бол сэтгэхүйн хүрээнд биш, харин хэлний хүрээнд хэрэгждэг. Учир нь, хэл бол субъект объект хоёрын хооронд, бас хүн, ертөнц, Бурхан тэнгэр гурвын хооронд анхдагч зууч нь болдог.

Товчоор хэлбэл В.Фон Гумбольдтын үзлээр ахуй бол ямар нэг объектив, туйлын зүйл биш, харин хүнийг амьдралтай нь, улмаар ертөнцтэй, бас Бурхан тэнгэрийг зөвшөөрдөг тохиолдолд эцсийн эцэст Түүнтэй холбогч хэлний тодорхой байгууламж   (конструкци) мөн. Мөн түүний үзлийг баримталбал хэлний үгс аваас туршлагын явцад нээгддэг тул тэдгээрээр дамжин хэрэгжиж, илэрдэг ойлголтууд агуулгаараа тогтворгүй, ямагт өөрчлөгдөж байдаг. Эндээс: бодит байдлын тухай мэдлэг бол сэтгэхүйн үндэслэгээ үл шаардсан, бодгаль шинжтэй байдаг гэсэн дүгнэлт гардаг. Ийнхүү бодит байдал, ахуй бол Гегелийнхээр түгээмэл, объектив; харин Гумбольдтынхоор бодгаль, субъектив шинжтэй.

Германы философич Артур Шопенгауэр (1788-1860) Гегелийн философи дахь өөрийгөө танин мэдэгч, туйлын субъектийн оронд хүсэл эрмэлзэл (will)-ийг дэвшүүлэн гаргаж иржээ. Түүний тэрхүү волюнтарист онтологийн үүднээс хүсэл эрмэлзэл бол хүн, амьтан, сэтгэлийн амьдралын төдийгүй амьгүй байгалийн үзэгдлүүдийн дотоод мөн чанар нь болдог.

Ахуйн тухай асуудлыг феноменологи философид өвөрмөцөөр авч үздэг. Ингэхдээ тэнд ахуйг танин мэдэхүйн судлах зүйлд холбогдуулан авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ философи ахуйг интенциональ ухамсрын тухай баримтлалынхаа үүднээс тайлбарласан юм. Үүнд, судлах зүйлийн ахуй бол тэрхүү судлах зүйл өгөгддөг олон янзын арга дахь адил нь мөн. Энэ тодорхойлолтдоо нийцүүлсэн нэг жишээг ерийн ухамсрын төвшинд Э.Гуссерль авсан байдгийг дурдахад шоо хэлбэрт биеийг хүртэхэд нарийн нэгдмэл, интенци илэрдэг. Үүнд, шоо хэлбэрт биеийг хэрхэн харж буйгаас хамааран тэр биеийн "үзэгддэг" өөрчлөгдөгч хувилбар, тухайн агшинд харагдагч өмнө тал ба үл харагдагч, иймд ямар нэг хэмжээгээр тодорхойгүй ар тал зэрэг байдаг. Тэгээд хүн судалж буй зүйлийнхээ (жишээ нь шооны) тухайн нөхцөлд зөвхөн мэдрэгдэж буй байдлаас тэр зүйлийн бүхэл бүтэн байдлыг буюу адилыг илэрхийлсэн утгыг тэр зүйлдээ оноодог.

Сонгодог биш философи дахь онтологийн онцлогийг өгүүлж буй үед аналитик философийг орхих аргагүй байдаг.

Аналитик философийн төлөөлөгчид философийн асуудлыг зохиомол юм уу эх хэлний асуудал болгодог учраас онтологийн асуудлыг зориуд авч үздэггүй. Ер нь тэд сонгодог онтологийг үеэ өнгөрөөсөн гэж үздэгийг энд бас санахад буруудахгүй юм. Хэдий тийм авч аналитик философийн төлөөлөгчид хэлний илэрхийллийн хүрээн дэх субстанцилаг элементүүдийг илрүүлэн тайлбарлаж ирсэн нь нэгэн төрөл онтологи ач холбогдолтой байдаг. Тухайлбал Людвиг Витгенштейн, английн философич Бертран Рассел (1872-1970) нар зохиомол хэлийг, шууд хэлбэл зохиомол хэлний орчин үе дэх хамгийн хөгжсөн хэлбэр болох математик логикийн хэлийг судлаад "логик атом" гэдэг философи баримтлал боловсруулж байсан түүхтэй. Энэ хоёр философич хэлний логик талыг шинжилж үзээд: хэл зүйн байгуулалт нь ярианд хэрэглэгдэж буй янз бүрийн нэр томьёоны хоорондын логик холбоог бүрхэгдүүлдгийн улмаас тэр нь утгагүй хэллэг үүсэх, будлиан тарих байдалд хүргэж байна гэсэн дүгнэлт хийцгээжээ. Ингээд тэд "логикийн хувьд төгс хэл" зохиох төсөл гаргаж, доорх хэдэн зарчим ийм хэлний уг чанарыг тодорхойлно гэж үзжээ. Үүнд, 1-рт, ийм төгс хэлний аливаа өгүүлбэр нэг бол элементэн (атоман) төлөвтэй, эсвэл нийлмэл (молекулан) төлөвтэй байдаг гэжээ. Тэд элементэн өгүүлбэр нь тодорхой юм бүр өвөрмөц шинжтэй, мөн өөр юмтай тодорхой харилцаатай байдгийг илэрхийлж, харин нийлмэл өгүүлбэр нь логик холбоосоор, нэн түрүүнд (математик логикт боловсруулсан) нийтлэгийн ба оршихуйн кванторын тусламжтайгаар хэд хэдэн өгүүлбэрийг нэгтгэн холбосны үр дүнд бий болдог гэж тайлбарладаг байна. 2-рт, төгс хэлний аливаа нийлмэл өгүүлбэрийн үнэн, худлын тухай асуудал бол түүнийг бүрдүүлж буй элементэн өгүүлбэр тус бүрийн үнэн, худлын тухай асуудал мөн. 3-рт, элементэн өгүүлбэрүүд логикийн хувьд бие биенээсээ тусгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээрийг нэгээс нь нөгөөг нь дүгнэн гаргаж авч болдоггүй. 4-рт, мөн энэ хэлэн дэх өгүүлбэр бол хэлний "атом" юм гэжээ.

Математик логикийн үүднээс авч үзвэл эдгээр үндэслэл нь энгийн ба нийлмэл бодомжуудын ялгаа, нийлмэл бодомжийн үнэн худлын хамаарал юунаас шалтгаалдаг зэргийг заасан чухал үнэлэмжтэй байдаг. Гэтэл тодорхой шинжлэх ухаанд хамаарах эдгээр үндэслэлийг философид ярихын шаардлага юу вэ? гэсэн асуулт гарч болох юм. Энд хоёр зүйлийг онцлон тэмдэглэх шаардлагатай. Үүнд, нэгдүгээрт, Рассел, Витгенштейн нар математик логикийн хэлийг ашиглан илэрхийлсэн эдгээр үндэслэлээ хэлний бусад тогтолцоонд, нэн түрүүнд төрөлх хэлэнд хамааруулж, аливаа хэллэгийн ерөнхий зарчим хэмээн үзжээ. Хоёрдугаарт, тэд өгүүлбэрийг "баримт" гэдэг ойлголттой холбон тайлбарлаж буй нь бас философи утга учир бүхий байдаг. Үүнд, Б.Рассел, Л.Витгенштейн нар дээрх зарчмуудтайгаа холбоотойгоор атоман баримтын (фактын) тухай номолсон юм. Баримт бол объектив үзэгдэл биш. Баримт бол өгүүлбэрийн бүтэцтэй зохицоотойгоор тусгай объект, түүний шинж хоёрын хослолыг, мөн бусад объектуудтай тухайн объект харилцах байдал зэргийн хослолыг тодорхойлж байдаг гэж Б.Рассел, Л.Витгенштейн нар үзсэн байна. Ингээд тэд: баримт бол өгүүлбэрийн нэг адил атоман ба нийлмэл гэж хоёр янз байдаг гэжээ. Үүнд, бүрэлдэхүүн хэсэггүй, дан баримтыг атоман баримт, атоман баримтууд гадаад холбоогоор холбогдсон буй нэгдлийг нийлмэл баримт гэнэ хэмээн тэд ангилжээ. Тэгээд: "Сократ бол цэцэн ухаантай афин хүн байсан" гэхэд энэ нь нийлмэл баримт юм. Харин "Сократ бол цэцэн ухаантай хүн байсан", "Сократ бол афин хүн байсан" гэвэл тус тус атоман баримт мөн гэж тэд үзсэн аж. Атоман баримт ч гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй байж болох боловч тэдгээр нь баримт биш. Жишээ нь "Сократ", "цэцэн ухаантан" хоёр бол "Сократ бол цэцэн ухаантан" гэсэн атоман баримтын бүрэлдэхүүн мөн. Харин эдгээр нь баримт биш гэж Л.Витгенштейн, Б.Рассеп нар үзжээ. Улмаар тэд нар: ертөнц бол бие биеэсээ үл хамаарах атомын баримтуудын цогц мөн бөгөөд нэг атоман баримтын байгаа юм уу үгүйгээс нөгөөгийнх нь байгаа эсэхийг тогтоох бололцоогүй гэсэн дүгнэлт хийжээ. Үүн дээрээ логик атомын онолчид тулгуурлаад шалтгаант холбооны объектив шинжийг үгүйсгэжээ. Шалтгаант холбоонд итгэх нь балай заншил мөн гэж Л.Витгенштейн "Логик, философийн шастир" номдоо бичсэн байдаг. Гэхдээ энэ нь шинжлэх ухаан шалтгаант холбоог жинхэнэ ёсоор тогтоож чаддаггүйг өгүүлсэн болохоос объектив юмст шалтгаант холбоо байх бололцоог Л.Витгенштейн хөндсөн юм биш ээ.

Логик атомын тухай сургаалд ярьж буй ертөнц бол сонгодог онтологи утгаар биш, харин гносеологи ба семиотик утгаар, түүний дотор хэл шинжлэлийн философийн утгаар ярьж буй ертөнц мөн. Тийнхүү Л.Витгенштейн, Б.Рассел нарын өгүүлж буй "ертөнц" хэмээх ойлголт хэдийгээр объективизмын үүднээс биш боловч субстанцилаг үзэгдлүүдийг илэрхийлдгийн хувьд тэр нь зохих онтологи утгатай байдаг.

Америкийн фипософич, логикч Уиллард ван Орман Куайн (1908-1997) аналитик философийн байр сууринаас зарим онтологи дүгнэлт хийсэн юм. Тэрээр хэлэн дэх "онолын баримтлалын схем"-ээр онтологийн онцлог тодорхойлогддог бөгөөд "ахуй бол хоорондоо холбогдсон хувьсагчийн утгат чанар мөн" гэдэг томьёолол боловсруулснаараа аналитик философичдын дунд шуугиан дэгдээсэн сэтгэгч мөн.

Сонгодог биш онтологийг авч үзэж буй үед германы философич М.Хайдеггерийн метафизикийг онцлох шаардлагатай байдаг. Учир нь, онтологи асуудлыг Сонгодог биш философийн чиглэлүүд бараг орхидог болсныг М.Хайдеггер засаж, түүнийг философийнхоо төв асуудал болгосон аж. Тэрээр "байгаа", "ахуй" гэдэг хоёр нэр томъёоны утгыг Аристотель ялгасныг М.Хайдеггер өвлөсөн байна. Энд М.Хайдеггер уг хоёр нэр томьёоны утгыг объективизмын үүднээс биш, харин субъективизм, феноменологийн үүднээс ойлгосон юм. Үүнийг нотлох нэг зүйл дурдахад М.Хайдеггер байгаа бол өөрийнхөө ахуйд хамаарч, ахуйдаа даатгагдагч мөн гэсний зэрэгцээ ахуй бол байгаад өөрт нь холбогддог тийм үйл хэрэг мөн гэж бичсэн аж. Ингэхдээ тэрээр "ахуй", "байгаа" гэдэг нэр томъёонуудыг юмсын ахуйг авч үзсэн субъектийн оюуны бүтээл болж буй категорийч утгаар биш, харин энэ-ахуйн экзистенциалууд (өөрөөр хэлбэл ахуйг асуугчийн өөрийнх нь орших аргууд)-ын утгаар хэрэглэсэн аж.

Ийнхүү М.Хайдеггерийн фундаменталь онтологи бий болоход Аристотелийн философийн шийдвэр, хариулт нь биш, харин ахуйн утга учрын тухай асуулт нь хөтөч болж өгдөг байна.

 Материаллаг ахуй: байгаль ба нийгэм

Ахуйг ангилдаг нэг үндэслэгээ бол түүний илэрдэг хүрээнүүдийг онцолдог байдал мөн. Энэ ангиллын үүднээс хандвал материаллаг ахуй бол ахуйн нэг томоохон хүрээ юм.

Материаллаг ахуйн тухай монист ба плюралист сургаал

"Материаллаг ахуй" гэдэг бол материаллаг ертөнцийг бүхэлд нь илэрхийлж үүссэн философи ойлголт юм. Ахуйн тухай олон ургальч үзлийн (онтологийн плюрализмын) үүднээс хандвал материаллаг ахуй бол ахуйн бие даасан хүрээнүүдийн нэг. Гэтэл материаллаг ахуйг Платон санаалаг ахуйн сүүдэр гэж, Гегель туйлын санааны уналт, "өөр ахуй" хэмээж, томизм ба XX зуун дахь түүний хэлбэр неотомизм "доод ахуй" гэж ойлгодог гэх мэтээр түүнийг зарим философич ямар нэг захирагдагч, бүтээгдэгч, доод байдлаар тайлбарладаг байна. Харин материалист философид материаллаг ахуйг байгаа ганц жинхэнэ бодит байдал хэмээн ойлгож, түүнээ "матери" гэдэг категороор илэрхийлдэг.

Материалист монизмын үүднээс материаллаг ахуй бол ахуйн янз бүрийн хэв маягийн нэг төдий биш, харин жинхэнэ ганц бодит байдал мөн.

Матери гэж юу вэ? Материйн тухай философи ойлголт сонгодог онтологи утгаараа зөвхөн шинэ үеийн Европын философи дахь материалист чиглэлийн бүтээгдэхүүн мөн. Гэхдээ түүний үр хөврөл санаа бүр эртний философи сэтгэлгээнд үүсэн хөгжиж иржээ. Үүнд, эртний Энэтхэгийн философийн олон чиглэл ертөнцийг гал, ус, агаар, шороо гэх мэт хэд хэдэн махбодоос тогтдог гэж үзсэн бол эртний Грекийн философийн анхан үеийн төлөөлөгчид ертөнцийг зөвхөн ямар нэг махбодоос тогтдог гэж үзсэнээрээ материйн тухай ойлголт руу энэтхэгчүүдээс илүү ойртсон аж. Ялангуяа атомын тухай сургаал аваас аливаа махбод, аливаа юмс үл хуваагдагч өчүүхэн жижиг хэсгүүдээс адилхан тогтдог гэснээрээ материйн тухай ойлголт руу махбодын тухай сургаалуудаас илүү ойртсон бясалгал юм.

Шинэ үеийн Европ дахь материализмын төлөөлөгчид материйн тухай ойлголтыг цоо шинэ арга зүйн үндсэн дээр тайлбарлаж эхэлсэн байна. Үүнд, эртний сэтгэлгээн дэх материализмын анхны төлөөлөгчид аливаа юмны үндэс болж, ертөнцийг дэг журам, зарчим бүхий болгож байдаг анхдагч түгээмэл юмны тухай ярихдаа тэр юмыг хүний үйлдэл, ухамсартай харьцаагүй бие даасан байдалтайгаар тайлбарладаг байв. Харин анх XVIII зууны францын материалистууд материаллаг ахуйг байсан, байгаа, хойшид ч байх ганц бодит байдал мөн гэж үзэн, ийм монист үзлээ "матери" гэдэг категориор нэгтгэн илэрхийлэхдээ түүнийг хүний мэдрэхүйтэй харьцуулах үндсэн дээр авч үздэг уламжлал бий болгосон юм. Тэд: "матери бол бидний мэдрэхүйд ямар нэг байдлаар нөлөөлдөг бүхэн мөн" гэдэг томъёолол боловсруулсан билээ.

К.Маркс, Ф.Энгельс нараас авахуулаад В.И.Ленин, И.В.Сталин, тэднийг залгамжлагчид зэрэг диалектик материалист философийн бүх томоохон төлөөлөгчид материйн тухай францын материализмын үзлийг өвлөж аваад тухайн үеийнхээ шинжлэх ухааны чухал нээлт, ололтуудад үндэслэн уг үзлийг чимж, бас баяжуулж ирсэн түүхтэй. Тэдний дотроос В.И.Ленинийг онцлон дурдах шаардлагатай. Тэрээр матери бол "хүний сэрэлд өгөгдсөн бөгөөд бидний сэрлээс шалтгаалахгүй оршиж, сэрлээр хуулбарлагдан бууж, тусгагдаж байдаг объектив бодит чанарыг тэмдэглэсэн философийн категори мөн" хэмээн уг ойлголтын агуулгыг материализм дахь онтологи, танин мэдэхүйн онол хоёрын харилцан уялдааны үүднээс тодорхойлсон юм.

Материйн орших арга. Диалектик материализмд чамбай боловсруулж ирсэн асуудлуудын нэг нь "хөдөлгөөн бол материйн орших арга мөн" гэдэг Францын материалистууд анх тод илэрхийлсэн томьёоллын санааг шинжлэх ухааны зарим чухал ололтод үндэслэх замаар өргөтгөн гүнзгийрүүлж ирсэн нь билээ. Тухайлбал хөдөлгөөнийг ХVII-ХVIII зууны материалистууд шиг юмны зөвхөн механик байр шилжилт төдий үзэх биш, харин түүнийг тухайн юмны аливаа өөрчлөлт гэж үзвэл зохих тухай; хөдөлгөөн зөрчилт шинжтэй зэрэг асуудлыг боловсруулж ирснийг онцлон дурдаж болно. Гэвч диалектик материализм хөдөлгөөнийг эцсийн эцэст зөвхөн материйн нэг салшгүй шинж (атрибут) гэж үзсэн; өөрөөр хэлбэл хүний оюун ухаан, ухамсарт хөдөлгөөн бие дааж нэг шинж нь болдгийг хэрэг дээрээ үгүйсгэдэг; хөгжил, хөдөлгөөн хоёрын холбоог тайлбарлахдаа зөвхөн диалектикийг арга зүйгээ болгодог гэх мэт шүүмжлэлд өртдөг.

Материйн орших хэлбэрүүд. "Орон зай, цаг хугацаа хоёр бол материйн орших хэлбэрүүд мөн" гэж францын материалистууд анх тод томьёолсныг диалектик материализм өвлөн авсан юм.

Диалектик материализм материйн орших хэлбэрүүдийн тухай тийм механик үзлийг даван туулах чиглэлээр чухал чухал алхам хийсэн билээ. Үүнд, "орон зай" гэдэг философи категорийг диалектик материализмын үүднээс авч үзвэл материаллаг объектуудын зэрэгцэн оршихуй, тэдгээрийн (өмнө хойно, баруун зүүн, дээр доор, хол ойр гэх мэт) харилцан байршил, бүтэц, зай, эзлэхүүн зэргийг хамарсан маш өргөн ойлголт юм. Харин цаг хугацаа бол үзэгдэл, үйл явдлын оршин тогтнох хугацаа, нэг нь нөгөөгөө халах дэс дараа тэдгээрийн төлөв байдал болон тусгай тусгай үе шат, талынх нь үргэлжлэх, өөрчлөгдөх хугацаа зэргийг хамарсан ойлголт юм гэж диалектик материализм үздэг. Диалектик материализм орон зай ба цаг хугацааны талаархи үзэлдээ физикийн шинжлэх ухааны ополтын үүднээс XX зуунд дараахь шинэ санааг нэмсэн юм. Тэр нь юу вэ гэвэл орчин үеийн физик, математикийн шинжлэх ухаанд дөрвөн хэмжээст, бүр түүнээс ч олон хэмжээст орон зайн тухай ойлголтыг ашигладаг нь тодорхой юм. Энд тухайлбал дөрвөн хэмжээст орон зай-цаг хугацаа гэдэг ойлголтын тухай ярьж байгаа үед орон зайн гурван хэмжээс дээр бас цаг хугацааг нэмдэг.

Тийнхүү орон зай, цаг хугацаа гэж юу вэ? гэдгийг ойлгох нь; а). шинжлэх ухааны мэдлэг; б). субъектив мэдрэмж; в). тухайн ард түмний аж төрөх ёс, соёлын онцлогоор нөхцөлдсөн үнэлэмж зэргийн харилцан уялдсан үр дүн байх ёстойг орчин үеийн философи зонхилох баримжаа болгож байна. Тийн аваас орчин үеийн философийн утгаар орон зай бол ахуйн янз бүрийн хүрээ ба төвшнийг нийтэд нь юм уу зарим хэдийг нь, эсвэл аль нэгий нь бүтэц, зай, овор төрх зэргийнх нь үүднээс мэдрэмж, шинжлэх ухааны сэтгэхүй, үнэлэмж зэрэг хэлбэрээр илэрхийлдэг ойлголт мөн. Цаг хугацаа бол ахуйн янз бүрийн хүрээ ба төвшнийг нийтэд нь юм уу зарим хэдийг нь, эсвэл аль нэгийг нь янз бүрийн хувирлынх нь үүднээс мэдрэмж, шинжлэх ухааны сэтгэхүй, үнэлэмж зэрэг хэлбэрээр илэрхийлдэг ойлголт. Энд дурдаж буй "хувирал" гэдэг ойлголт аваас хугацааны аливаа агшинг, тухайлбал өнгөрсөн, одоо, ирээдүй, мөн урагшлалт ба ухралт, түргэсэлт ба удаашралт, янз бүрийн хэмжилт, бас тайван, тогтвор ба өөрчлөлт зэргийг хамарсан өргөн утгатай буй болно.

Байгаль. Эртний философи сэтгэлгээнд байгалийг хөдөлгөөнтэй, өөрчлөлт хувиралт бүхий бүхэл зүйл маягаар төсөөлөх байдал давамгайлдаг байжээ. (үүнийг ялангуяа Гераклит, Демокрит зэрэг хүмүүсийн үзэл тод илэрхийлдэг). Ингэхдээ тэд орчлон бол эмх замхгүй биш, харин түгээмэл, зохион байгуулалттай, боловсронгуй байдаг гэж үздэг байв. Тэр үеийн сэтгэгчид хүний оюун ухаанд өртөж, орж ирж буй тийм хэмжээгээр орчлонг буюу байгалийг төсөөлдөг байжээ. Ер нь философи анх үүсэхдээ натур философи байсан.

Харин хойш хойшдоо олон нэртэй философич ертөнцийг үзэх үзэл, нийгмийн үнэлэмж зэргийнхээ үүднээс байгалийг хүнээс, нийгмээс доогуур тавьдаг болжээ. Ертөнцийг үзэх үзлийн үүднээс тэгж үзэгчдийн эгнээний тэргүүнд Платон, Гегель, бас шашны философийн олон төлөөлөгч ордог. Улмаар Ф.Бэкон, И.Кант, И.Г.Фихте зэрэг сэтгэгч "хүн бол байгалийн ноён мөн" хэмээн тунхаглаж, хүн оюун ухааныхаа хүчээр байгалийг өөртөө үйлчлүүлдэг байх ёстой хэмээн сурталчилжээ.

Гэтэл Ф.Энгельс, Ф.Ницше зэрэг олон сэтгэгч: хэрвээ хүн төрөлхтөн зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас байгальтай харьцвал байгаль тийм үйлдлийнх нь улмаас түүнд (хүн төрөлхтөнд) хатуу шийтгэл оногдуулдаг хэмээн сануулж байв.

Нийгэм, байгаль хоёрын харьцааны тухай өөр еөр үзэл болбоос онолын мэдлэгийн бусад төрөл болон ерийн ухамсрын төвшинд бас илэрдгийн дотроос орчин үеийн философи сэтгэлгээнд хамгийн хүчтэй нөлөөлдөг нь шинжлэх ухааны холбогдох мэдлэгүүд мөн. Улмаар ингээд XX зуунд экологийн философи, товч нэрээр экофилософи бий болсон байна.

Экологи гэдэг нэр томьёог анх америкийн зохиолч, философич Г.Д.Торо (1817-1862) хэрэглэж, улмаар германы дарвинист биологч Э.Геккель (1834-1919) энэ нэр томьёонд амьд биес өөр хоорондоо болон амьдрах орчинтойгоо харилцдаг харилцааг судалдаг шинжлэх ухаан гэсэн утга 1866 онд оруулсан байна. Харин экологийг хүний нийгэм, байгаль хоёрын харилцаанд дэлгэрүүлэн авч үзэх болсон нь тийнхүү экофилософи үүсэхэд хүргэжээ.

Экофилософийн чиглэлүүдийн нийтлэг онтологи утга нь байгаль бол нийгмийн амьдралд эерэг, серөг аль нэг байдлаар нөлөөлдөг бие даасан хүчин зүйл мөн гэдэг баримтлал мөн. Ийм нийтлэг баримтлалын хүрээнд дараахь тайлбарууд бүхий олон чиглэл экофилософид бий болжээ. Үүнд:

-Био төвт онолууд. Хүмүүсийн ахуйн нэн өвөрмөц арга, авир үйлдлийн нь тодорхой хэв маягууд бий болдог тийм онгон байгалийг хамгаалах ёстой гэж эдгээр онол сурталчилдаг.

-Консервационализмын баримтлалууд. Байгалийг экологийн үүднээс зөв ашиглахыг техник, технологийн хувьд зөрчдөггүй тийм үйл ажиллагааг бүрдүүлэх зорилгод нийцүүлж нийгмийн зохион байгуулалтуудыг шинэчлэх ёстой гэж эдгээр баримтлал үздэг.

-Экологичлогч онолууд. Нийгэм, байгаль хоёрын харилцан үйлдлийг байгалийн шинжлэлийн объектив шаардлагуудын үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой гэж энэ онолын талынхан асуудалд ханддаг. Ийм онолуудын төв ойлголт нь биосоциогенез (амьдрах орчин, нийгэм хоёрын нэгдэл ба хөгжил) гэдэг ойлголт. Экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх асуудалд гол анхаарлаа эдгээр онол хандуулдаг.

-Экологич эдийн засагчдын баримтлалууд. Эдийн засаг, нийгэм, соёлыг болж л өгвөл өсгөөд байх бодлогыг эсэргүүцэж, хүн байгаль хоёрын харилцааг зохицолтой болгохыг эдгээр баримтлал онцолдог.

Орчин үед дээрх баримтлалууд бие биедээ нөлөөлж, гагцхүү аль нэг юм уу зарим хэдэн асуудлыг бусдаасаа илүү онцолдгоороо нэг нь нөгөөдүүлээсээ ялгагддаг аж. Иймд "хүн бол байгалийн ноён мөн" гэдэг философи лоозон, улмаар байгаль өөрөө өөрийгөө нөхдөг тул түүнийг ашиглахад хязгаар тавиад байх шаардлагагүй гэдэг экологийг үгүйсгэгч үзэл (нигилизм) үеэ өнгөрөөжээ.

Экофилософийн хамгийн төв ойлголт бол "амьдрал" гэдэг категори болж төлөвшсөн. Уг ойлголтын суурийг Оросын философийн төлөөлөгчид тавьсан байна. Тэдний тайлбараар амьдрал бол зөвхөн энэ дэлхийн төдий биш, харин нийт орчлонгийн үзэгдэл мөн. Тэгээд бас амьдрал бол биологи, сэтгэлийн, оюуны, сүнслэг, интуитив (увьдаст) зэрэг янз бүрийн талтай байж, үүний улмаас хүний ертөнц, орчлон хоёрт зарчмын ялгаа үгүй байж таардаг.

Шинжлэх ухааны үүднээс анх яригдаад улмаар философид орж ирсэн нэн чухал онолын баримтлал бол "биосфер (амьдралын хүрээ)" гэдэг баримтлал юм. "Биосфер" гэдэг нэр томьёог шинжлэх ухаанд XVIII зуунд манай гариг дахь амьдралын хүрээг илэрхийлж анх францын байгаль шинжээч Жан Батист Ламарк (1744-1829) хэрэглэжээ. Харин Оросын эрдэмтэн В.И.Вернадский (1863-1945) уг нэр томъёог философи утгаар анх тод ашигласан аж. Түүний судлан тогтоосноор биосфер бол амьд бодисын орчин мөн. Тэрээр "амьд бодис" гэдэг нэр томъёон дор манай дэлхийн амьтай бүхний цогцыг ойлгодог. Амьд бодисын орчинд нь дэлхийн усан бүрхүүл, түүний дотор нян амьдрагч маш гүний ус, атмосферийн доод хэсэг (шувуу, хүн, хорхой шавьж зэрэг амьтан байдаг), газрын (хөрс янз бүрийн нян амьдардаг) зэрэг багтдаг.

Биосфер дотор амьд бодис дээд зэргээр нягтарсан "амьдралд чухал өрмөн хальс" байдаг. Тэрхүү өрмөн хальс нь хуурай газрын хөрс, гадарга болон дэлхийн далайн усны өнгөн давхраа зэргээс тогтдог. Байгалийн амьгүй бие, амьд бодис хоёрын хооронд бодисын болон энергийн тасралтгүй солилцоо явагддаг. Энэхүү солилцоо болбоос амьд бодисын өдөөсөн атомуудын хөдөлгөөнд амьд бодисын дэлхийлэг болон орчлон ертөнцлөг утга учир илэрдэг. Яагаад гэвэл биосфер бол орчлонгийн энергийг өөртөө тасралтгүй нэвтрүүлдэгтийм ганц дэлхийн бүрхүүл мөн. Амьд бодис болбоос биосферийг бүхэлд нь хамарч, бүтээн, өөрчилж байдаг. Гэхдээ амьд бодис жин ба багтаамжийн хувьд биосферийн маш бага хэсгийг эзэлдэг. Тийнхүү биосферийн бүтцэд амьгүй бодис дийлэнх нь болж байдаг.

Биосферд хүний амьдрал орж ирснээр түүний эрч далайцыг өөрчилсөн байна. Хэрвээ янз бүрийн амьд биес гол нь хоол ундны шалтгаанаар харилцан үйлдэлд орж, ингэснээрээ биосферийн энергийг болон амьд бодисыг өөрчилж байдаг бол хүн төрөлхтөн хөдөлмөрийн үйл ажиллагааныхаа үндсэн дээр биосферд холбогддог. В.И.Вернадскийн таамаглалаар хүн анхандаа биосферэн технологи ашигладаг, өөрөөр хэлбэл амьдралын хэрэгслээ байгалиас бэлнээр олж авдаг байсан бололтой. Харин хүн үйлдвэрлэл эрхэлдэг болсноороо биосфертэй харилцах шинэ хэлбэрт шилжиж, байгалиас тасрах болж, улмаар соёлын биогеохимийн энерги (газар тариалан, мал аж ахуй) бүтээдэг болжээ. Тэгээд эндээсээ Дэлхийн биосферийн хувьслын тухай, энд амьд бодисын хувьсал хамгийн гол хувьсал мөн тухай дүгнэлтэнд В.И.Вернадский хүрсэн байна. Тийнхүү хүн үүсэж, үйл ажиллагаагаараа байгалийн орчныг өөрчилдөг нь биосферийн хувьслын зүй тогтолт шат болж В.И.Вернадскийд ойлгогдсон юм. Улмаар энэ шат янз бүрийн шинжлэх ухааны ололт ба хамтын хөдөлмөрийн нөлөөгөөр шинэ төлөвд шилжинэ гэсэн таамаглалыг тэрээр дэвшүүлээд ирээдүйд хэрэгжих тийм шинэ төлвийг "ноосфер" гэж В.И.Вернадский нэрлэсэн байна (пооз-оюун ухаан, sphaira-бөмбөрцөг гэсэн эртний грек үг).

В.И.Вернадскийн эл философи баримтлал эдүгээ үед агуулга, арга зүйн хувьд шүүмжлэгдэх шалтаг мунддаггүй ч гэсэн экофилософийн хөгжилд чухал нөлөө үзүүлж иржээ. Ялангуяа Тейяр де Шардений боловсруулсан хувьслын үзэл, соёлын тухай биосфер хандлагат баримтлалын төлөөлөгч К.Лоренцийн сурталчилсан оюун ухааны гаралт соёлын тухай баримтлал зэрэгт хүчтэй нөлөөлжээ Үүнд, Шарден, Лоренц нар хүн төрөлхтөн, түүний иргэншлүүд нь хувьслын зүй тогтолд, тэгэхдээ бүр орчлонгийн хувьслын зүй тогтолд захирагддаг гэж үзсэн байна.

Байгаль гэж юу вэ?, тэр нь нийгэмтэй ямар холбоотой вэ? гэдэг асуудлууд бол танин мэдрэхүйн ба үнэлэмжийн үйл ажиллагааны ач холбогдолтой төдий биш, харин ч тэдгээрээс илүүтэйгээр практикийн хувьд амин чухал байдаг. Уг асуудлын практик ач холбогдол нь ялангуяа жижиг ард түмний амьдралд онцгой эмзэг юм. Үүнийг өнөөгийн Монголын амьдрал гэрчилж байна. Байгалийн баялгийг ашиглах, тухайлбал ашигт малтмалын хайгуул хийх, түүнийг олзворлох, боловсруулах салбар дахь Монгол орны аюулгүй байдалд, манай ард түмний эрх ашигт ноцтой хохирол учруулж буй практик үйлдэл зэрэг бол хүссэн бүгдээ бололцоо л гарвал авч байж болох агуулах төдийгөөр байгалийг ойлгодог тийм эрх мэдэлтнүүдийн авир үйлдлийн уршиг юм.

Санаалаг ахуйн тухай үзэл философийн түүхэнд үүсэн

хөгжиж ирсэн нь (XX зуун хүртэл)

Санаалаг ахуйн тухай асуудал философид анх бий болж, өргөжин гүнзгийрч ирснийг түүхчлэн авч үзэхэд "сэтгэл (сүнс)" гэдэг ойлголтыг тойрох аргагүй байдаг.

Эртний сэтгэгчдийн дотроос Платон бол санааны ертөнцийн янз бүрийн төвшний бүрдлийн тухай нэлээд нухацтай авч үзсэн философич юм. Тэрээр мэдрэхүйгээс дээгүүр зүйл ба байгалийн зүйл хоёр, оюун ухаанд өртөгч орчлон (космос) ба мэдрэхүйд өртөгч орчлон хоёр, санаа (идея) буюу эйдос, бие хоёр зэргийн харьцааны тухай тус тус авч үзжээ. Ингэхдээ тэрээр орчлонгийн сэтгэл, хүний сэтгэл хоёрыг заагласан байдаг. Сэтгэл бол өөрийн хөдөлгөөнтэй, шилжимтгий, үхэшгүй шинжтэй хэмээн Платон тайлбарласан аж. Тэрээр сэтгэлийг санаалаг шинжтэй гэжээ.

Харин Демокрит сэтгэлийг материаллаг шинжтэй, тодруулбал маш уян, онцгой атомуудаас тогтдог гэж үзсэн. Сэтгэлийн тухай асуудлыг авч үзсэн эртний грекийн өөр нэг сэтгэгч бол Аристотель юм. Тэрээр сэтгэл бол зөвхөн амьд биенд түүнээс салшгүй байдаг зорилгот, идэвхт эхлэл, сэтгэл бол мөнх биш юм.

Шашны янз бүрийн чиглэл, шашны философи сургаалуудын үүднээс сэтгэл бол хүний биеэс үл хамаармал, биет биш, санаалаг, үхэшгүй мөнх, идэвхтэй тийм санаалаг эхлэл мөн, сэтгэл бол субстанцилаг (онтологи) зүйл мөн гэж тэд тайлбарлажээ.

Европ дахины философи сэтгэлгээнд хүн төрөлхтний санаалаг ертөнцийн гарцаагүй нэг бүрэлдэхүүн бол ухамсар мөн гэж үзэж иржээ. Ингэхдээ "ухамсар" гэдэг нэр томьёо Р.Декартаас өмнөх үед зөвхөн ёс суртахууныг гол үнэлэмжээ болгон илэрхийлсэн аж. Үүнд тухайн субъект ямар үйлдэл хийгээд, тэр үйлдэл ямар үр дагаварт хүргэв гэсэн дүгнэлт хийдэг байдлыг "ухамсар" гэдэг байжээ.

Харин Декарт сэтгэхүй, ухамсар хоёрыг холбож, улмаар тодорхой утгаар адилтгасан. Иймээс түүний хувьд ухамсар бол эцсийн эцэст хүн өөрийгөө ухамсарлахуй, өөрийгөө танин мэдэхүй (рефлекс) мөн.

Ийнхүү шинэ үеийн философийн дээр нэр дурдсан төлөөлөгчдийн нийтлэг санаа нь хүний сэтгэл, ухамсрыг хүний дотоод ертөнц, хүн өөрийгөө ухамсарлахуй мөн гэдэг үзэл юм.

XIX  зууны германы сонгодог идеализмын төлөөлөгчид ухамсрын үүсэл, байгууламжийг тайлбарлах талбарт өөр нэг шинэ чиглэл бий болгожээ. Тэд ухамсар байгууламжаараа янз бүрийн төвшнийг түүний түүхэн ба идэвхт шинжийг; ухамсрын бодгаль, бие хүнлэг, бодгалиас дээгүүр зэрэг хэлбэр харилцан холбоотойг, өөрийгөө ухамсарлахуй, хүсэл эрмэлзэл, үнэлэмж зэргийн төлөвшилд сэтгэлийн дээд хэлбэрүүдийн хэрэгцээ чухал ач холбогдолтойг тус тус илрүүлэн авч үзсэн байна.

Диалектик материализмыг үндэслэгч К.Маркс, Ф.Энгельс нар нийгмийн амьдралын аливаа асуудалд хөдөлмөр, материаллаг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг онцолж, танин мэдэхүй бол тусгал мөн гэж үзсэн байр сууринаас ухамсрын онолыг боловсруулсан юм.

XIX зууны эцэс, XX зууны эхэн үеэр психологийн (сэтгэл судлалын) шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд "сэтгэл (психик)" гэдэг ойлголт зөвхөн психологид биш, бас философид хэрэглэгдэх болсон юм.

Санаалаг ахуй: сэтгэл ба ухамсар

Ухамсрыг онтологи болохынх нь үүднээс “ондоо хүний ухамсар”, “нийгмийн ухамсар” гэж 2 ангилдаг.

Ондоо хүний ухамсар. Хүний сэтгэл бол ямар ч дээд хөгжилтэй амьтдын сэтгэлээс боловч үндсээрээ ялгагдах олон давуу ба олон дутагдалт талтай. Учир нь, ухамсар хэмээх онцгой давхраа бол хүний сэтгэлийн маш чухал нэг хэсэг нь мөн. Ийнхүү ухамсар бол хүний санаалаг ертөнцийн доторхи харьцангуй бие даасан нэг бүрдэл мөн.

Ухамсрыг тодорхой утгаарх онтологи үзэгдэл мөн гэж үздэг янз бүрийн философи байр суурьт нэг баримтлал зонхилох нөлөө бүхий байдаг. Тэр нь "ондоо хүний ухамсар" гэдэг баримтлал юм. Үүнд, XX зууны философийн зарим чиглэлийн төлөөлөгчид: миний ухамсар, авир үйлдлийн янз бүрийн төлөвүүд ганц надад биш, бас бусад хүнд адилхан байгаа гэж тайлбарладгийг судлаачид иш үндэс болгоод тийнхүү бусдад минийхтэй адил байдаг ухамсрыг "ондоо хүний ухамсар" гэж нэрлэдэг.

Ондоо хүний ухамсрын асуудлыг авч үздэг философичид: минийхээс гадуур ухамсар байдгийг яаж мэдэж болдог вэ?, бусдын ухамсрын агуулгыг яаж илрүүлж болдог вэ?, тийм мэдлэг аль хэр баттай үнэн байдаг вэ? гэх мэт асуултад хариулт өгөхийг зорьж иржээ.

Гэвч ондоо хүний ухамсрын тухай мэдлэг баттай үнэн байдаг эсэх асуудлыг гештальт психологийн төлөөлөгчид бүрэн үнэн шийдвэрлээгүй бөгөөд учир нь, түүний төлөөлөгчид сэтгэлийг үйлдлээс салган тайлбарласан гэж зарим судлаач дүгнэн бичсэн байдаг.

XX зууны дунд үеэс аналитик философийн төлөөлөгчид ондоо хүний ухамсрын асуудлыг хэлний анализын асуудал болгосон байна. Жишээ нь, английн философич Джон Остины (1911-1960) тайлбараар үг, өгүүлбэр бол субъектийн хүртэхүй ба сэрлийн агуулгыг бүрэн илэрхийлж чаддаггүй бөгөөд мөн бусдын санаалаг төлөвүүдийг түүний үгэнд итгэх зарчимд үндэслэн мэдэх ёстой. Гэтэл ярилцагч ондоо хүн маань худалч байж болдог, бас үгийнх нь утгыг тухайн субъект буруу ойлгосон байж болдог билээ. Ийнхүү аналитик философичид бусад хүний ухамсрын төлөвүүд сонирхогч субъектэд бүрэн үнэн нээгдэж чаддаггүйг нь илрүүлжээ.

Нийгмийн ухамсар. Ухамсар бол гадаад ертөнц хүний тархинд туссан тусгал юм гэж марксист философичид тайлбарладаг төдийгүй “нийгмийн ухамсар” гэсэн тусгай ойлголт боловсруулдаг. Ингэхдээ ухамсар бол зөвхөн материаллаг зүйлстэй харьцаж байж бий болдог зүйл, харин нийгмийн ухамсар бол нийгмийн ахуйтай холбогдон гарч ирэх ойлголт юм хэмээн үздэг. Нийгмийн ухамсрыг цэгцтэй, тогтолцоот мэдлэгийг илэрхийлж байгаагаар нь онолын ухамсар, ердийн ухамсар гэсэн 2 түвшинд хуваан авч үздэг. Ердийн ухамсар нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын явцад аяндаа бий болдог сэтгэгдэл, мэдрэмж, догдлол, дүгнэлт, ойлгоц зэргийн цогц юм. Харин онолын ухамсар гэсэн ойлголтыг марксист-ленинист философи нийгмийн үзэл суртал юм хэмээн ойлгож байлаа.

Ер нь нийгмийн ухамсар хэмээх ойлголт нь нийгмийн бодит байдлыг илэрхийлдэг ухамсрын хамгийн ерөнхий нэр мөн. Тэр нь илрэх хүрээгээрээ хувийн буюу бодгалийн, гэр бүлийн, хамт олны, бүлгийн, ангийн, ард түмний гэх мэт олон хэв маягтай. Бодгалийн буюу хувийн ухамсар бол аливаа нэг хүний оюун санааны ертөнц. Үндэсний ухамсар бол тухайн ард түмний үндэсний өвөрмөц эрх ашиг, амьдралын болон үйл ажиллагааны онцлогийг илэрхийлж байдаг нийгмийн ухамсар юм. Ангийн буюу бүлгийн ухамсар бол тухайн ангийн бүлгийн өвөрмөц эрх ашиг, амьдралын болон үйл ажиллагааны онцлогийг илэрхийлдэг нийгмийн ухамсар юм. Эдгээр нийгмийн ухамсрын төрлүүд нь бие даан орших бус, харин бие биедээ нөлөөлж, харилцан сүлжилдэж, зарим талаар давхцан оршиж байдаг.

Сэтгэл, ухамсрын тухай XX зуун дахь

философи баримтлалууд ба орчин үеийн

шинжлэх ухааны зарим үндэслэл

   XX  зууны философийн зарим (тейярдизм гэх мэт) чиглэл бол санаа ба сэтгэлийн асуудлыг нийт орчлонгийн хувьсал ба бүтцийн төлвүүдтэй холбон авч үздэг юм. Харин олонхи философийн хувьд гэвэл зарим нь онтологийг үеэ өнгөрөөсөн хэмээн тунхагладаг байр сууринаасаа санааны асуудлыг үл хөндөж, зарим нь тухайн үеийнхээ холбогдох шинжлэх ухаануудын ололтыг ашиглах үндсэн дээр хүний сэтгэлийн янз бүрийн давхрааны тухай сургаал боловсруулж иржээ. Ялангуяа хүний сэтгэлийн (психикийн) ухамсарт ба ухамсарт биш давхрааны тухай сэдвийг тэдгээр нь бүгд авч үзэж, ингэхдээ зарим нь ухамсарт давхраа буюу ухамсрыг (сэтгэхүй, оюун ухааныг), зарим нь ухамсаргүй давхрааг хүний санааны ертөнцийн гол элемент, хүний бие хүнлэг шинжийн тодорхойлогч хүчин зүйл гэдэг юм.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.