Гүн ухааны сургалт, үр дүнгийн талаар

Гүн ухааны сургалтын үр дүн

 

Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй

 юм бол юу ч сураагүйтэй адил. (Жу Си)

 

Энэхүү сэдвээрээ бид Монгол дахь гүн ухааны сургалтын тойм төлөв, үр дүнгийн талаар их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдлаар жишээ аван хэлэлцэх бөгөөд түүн дотроос Монголын гүн ухааны судлалын сургалтын тухай түлхүү анхаарахыг хичээж, хэрхэн шинэчлэх боломж байгааг санал болгон дэвшүүлэхээр зорьсон юм.

Гүн ухаан хэмээх хичээл Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд өөрийн гэсэн байр сууриа өмнөх нийгмийн үе дэх Марксист-Ленинист философийн ноёлох нөлөөний үндсэн дээр тогтоож, оюутан бүр заавал үзэх ёстой ерөнхий эрдмийн хичээлийн нэг болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгджээ. Энэхүү үр дүн нь мэргэжлийн судлаачдын хувьд таатай нөхцөл боломжийг хангаж, Монголын түүх гэх мэт Монгол хүн бүрийн заавал танилцах ёстой мэдлэгийн нэг болсон хэдий ч түүний агуулгад Монголын гүн ухааны байр суурь туйлын хангалтгүй бөгөөд эдүгээ хэвлэгдээд байгаа гүн ухааны сурах бичгүүдийн байдлаас үзэхэд нэг бүлэг сэдвийн хэмжээнд ч хараахан хүрч амжаагүй байгаа нь харамсалтай. Эдгээр сурах бичигт дурьдахдаа Монголчуудын домгийн сэтгэлгээний талаар аман зохиолоос иш татан, түүнийгээ эргүүлж тайлбарлах замаар цөөн хэдэн үг бичсэний сүүлээр буддын сэтгэгчдийн тухайд намтарт нь тулгуурлан ихээхэн өргөн далайцтай өгүүлдэг зуршил хэвшин тогтжээ. Боловсролын агуулгад Монголын гүн ухааныг судлах асуудал маш хангалтгүй байгаа явдал Монголын гүн ухаан судлал хоцрогдсонтой холбоотой болохыг эрдэмтэн Р.Нансал 1995 онд дүгнэхдээ <нэгдүгээрт: хуучин Монгол хэлээ чөлөөтэй эзэмшээгүй явдал. Залуучууп! Хоёрдугаарт: түүх, соёл, ялангуяа гүн ухааны (Монголын. Б.Б.) салбарт нэвтрэн орж судалгаа шинжилгээний ажил хийгчид хуруу дарам цөөхөн байсан. Гуравдугаарт: Түвд хэлийг сайн мэддэггүй байсан явдал... дөрөвдүгээрт: Философийн шинжлэх ухааныг учир дутагдалтай ойлгож, маш их баялаг өв уламжлалтай хэдэн зуун мянган жилийн түүхтэй шинжлэх ухаан болохыг бүрэн үнэлж цэгнэж чадаагүй явж ирлээ...Тавдугаарт: Философийг хэт үзэл сурталжуулсан явдал бол Монголын гүн ухааныг судлахад муу нөлөө үзүүлсэн талтай.> (Боловсролын агуулгад философийн эзлэх байр суурь, үүрэг. УБ., 1995. 27-33 т.)

Монголын гүн ухаан судлалын сургалт эдүгээ үйл ажиллагаагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын “гүн ухаан” хичээлийн агуулгад дурьдагдахгүй шахам байгаа бөгөөд гол төлөв өрнөдийн философийн түүх юм уу, гүн ухааны бүтэцчилсэн агуулгын тойм төдийг (мэргэжлийн бус анги) зааж байгаа төдийгүй мэргэжлийн ангид ч түүний гүнзгийрүүлсэн түвшнээс төдий л хол зөрөхгүй байна. (1992-2005 оны хооронд үйл ажиллагаагаа явуулж байсан Дорно Дахины Гүн Ухааны Дээд Сургуульд “Монголын гүн ухаан” хэмээх бие даасан хичээл орж, түүгээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж байв) Энэ байдал нь Монгол үндэстний эрх ашгийн үүднээс бол хангалтгүй бөгөөд сэтгэлгээний нь хувьд Монгол хүн хэмээн онцгойлон томъёолох өвөрмөц хэв шинжийг бүрэлдүүлэхэд тус нэмэр огтхон ч үл болохоор барам гүн ухааны хичээлээр олгож байгаа мэдлэг нь амьдралд төдийлөн ач холбогдолгүй, онолын шинжтэй байгаа нь нэн ялангуяа мэргэжлийн бус ангид суралцагсдын хувьд яршиг удсан яншаа өгүүлэл мэтээр хүлээн авахад хүргэж, дипломын дүнгийн хавсралтад тэмдэглэгдэх учир шатлгаанд үндэслэж суралцах буюу тийм дүр эсгэж оноо тооцуулах сэдлийг бий болгож байна гэж хэлэх нь хатуухан сонсогдох боловч үнэнээс тийм ч хол зөрөхгүй. Даяарчлалын үзэл санаа, үйл хэрэгт дулдуйдаж харь үндэстний гүн ухааны (хэдийгээр дэлхий нийтийн өргөн тархсан гүн ухааны урсгал чиглэлүүд боловч) сэтгэлгээний ололт амжилтыг зааж сургана гэдэг нь олон нийтийн дунд амьдралын бодит хэрэгжилт болж чадахгүй төдийгүй эртний Грек, Ром, Энэтхэг, Хятад, дундад зууны үеийн Араб, ойрхи дорнод, шашны зүтгэлтэн, өрнөдийн сэргэн мандалтын үеийн Англи, Франц, Итали, Германы сонгодог гүн ухааны төлөөлөгчид, орчин үеийн өрнөдийн гүн ухааны олон урсгал чиглэл, нэрт сэтгэгчдийн зарим нэгнийх нь нэр төдийг цээжлэн үлдэхээс өөр ач холбогдол үзүүлэхгүйн сацуу шалгалтын урьд үгчлэн цээжлээд, дүнгээ тавиулан босго алхангуут дор нь мартаж орхидог нь өнөөгийн сургалтын нүүр царай мөн.

Хар ухаанаар бодоод үзэхэд л шинжлэх ухааны аль нэгэн төрлөөр судалгаа шинжилгээ хийгсэдээс бусад хөлсний ажил хийж амьдралаа тэжээх гэж ядаж яваа хүмүүс юм уу, жижиг сажиг бизнес, үйлдвэрлэл эрхлэж байгаа олон нийтэд тэр Фалес, Сократ, матери, ухамсар юун бодогдохтой манатай. Угтаа хүний амьдрал гүн ухааны түүх, онолын хичээлд үзсэнчлэн хууль, зарчим, зүй тогтлын дагуу явагдаж байгаа ч цөөн хэдэн цагийн сүржин лекц төдийгөөр мэдүүлээд, ухааруулаад, чадваржуулаад авна гэдэг “харганын ноос түүж эсгий хийх”-тэй л ойролцоо үр дүнтэй. Гэхдээ зарим нэгэн онцгой сонирхолтой (жишээ нь Д.Урианхайн хэлснээр гүн ухааныг “гүнзгий зүрхний амрагаа” болгосон хүмүүс), хичээл зүтгэл, ур чадвартай хүмүүс байж, гүн ухаанаар хичээллэж байгааг үгүйсгэж үл болно.

Тэгэхээр гүн ухаан хичээлийн агуулгыг түвшний нь хувьд мэргэжлийн ба мэргэжлийн бус гэсэн хоёр ангиллаар харилцан адилгүй боловсруулах шаардлагатай байна. Мэргэжлийн ангийн оюутан бол гүн ухаан судлалыг амьдралын гол зорилгоо болгосны хувьд дэлхий нийтийн гүн ухааны болон түүний салбар ухаануудын хөгжлийн түүх, онол, арга зүйн гүн гүнзгий мэдлэгтэй, чадвартай байхын тулд эдүгээгийн хичээлийн хөтөлбөрт тусгагдсан агуулгыг заавал үзэж судлавал зохино. Гэвч энд Монголын гүн ухааны талаархи агуулга нэн чамлалтай байгааг өмнө өгүүлсэн ба үүний уршгаар өнөөдөр гүн ухааны мэргэжилтнүүд Монголын гүн ухаан гэсэн нэр томъёог хачирхан гайхах хэмжээнд хүрчээ. Өдгөө мэргэжлийн бус ангид мэргэжлийн ангид ордог хичээлийн агуулгыг тоймлон цомхотгох төдийгөөр “хялбаршуулж” байгаа нь үнэндээ бодит байдалд нийцэхгүй байна. нэг ёсондоо та бид хэрэглээний математикийн хялбархан тоо бодлогыг бодож чадах боловч дээд математикийн интеграль, дифференциаль тэргүүтэй нарийн ярвигтай үйлдэл шаардах тэгшитгэлүүдийг хараахан бодож чадахгүй, тийм шаардлага ч бараг гарахгүйтэй адилаар хүн бүр өөрийн гэсэн сэтгэлгээтэй боловч түүний судлалыг мэдэх, чадах албагүй нь ойлгомжтой. Гэтэл гүн ухаан судлалын ололт амжилтуудын охь шимийг түүвэрлэн онцлоод түүнийгээ хүн бүрт эзэмшүүлэх гэж оролдох нь агуулгын хувьд уг хичээлийг амьдралаас хол тасархай болгож байна. Ийм нөхцөл байдлыг бид өөрсдөө үүсгэчихээд <философи өөрөө бүхэлдээ хэрэггүй мэт санагдах болтлоо гүнзгийрч байна> (Ш.Ариунаа. Философи, соёл судлалын сургалтыг боловсронгуй болгох асуудалд. “Философи, соёл судлалын тулгамдсан асуудал” ЭШБХ. 2004-10-16.) гэх буюу философийн хичээлийн үр дүнг мэдлэг бус чадвар болгох хэрэгтэй (Р.Дарьхүү. Мэргэжлийн бус ангид философийн хичээл зааж байга өнөөгийн байдал, тулгамдсан асуудал. Мөн хурал.) гэхчлэн агуулгыг хэрхэн шинэчлэх талаар тодорхой үзэл баримтлалгүй хий санааширч байгаа нь томоохон дутагдал болж байна.

Хамрах цар хүрээний хувьд ч ийм байдал ажиглагдаж байгааг өмнө бид нэгэнтээ дурьдсан. Энэ нь мэргэжлийн бус ангид гүн ухааны хамгийн сул дорой гологдлыг (угтаа ингэж үзэх боломжгүй боловч тухайн судлаачийн рациональ баримтлалын үүднээс ийн дүгнэж болно) орох ёстой гэсэн үг биш бөгөөд үндэстний сэтгэлгээний онцлогтой уялдуулан эмпирик учир шалтгаанд үндэслэсэн, зарим тохиолдолд онолын мэдлэгийг танин мэдэхүйн гэж чхэлж болмоор хялбаршуулсан түвшинд агуулгыг боловсруулан орох нь зүйтэй. Эдүгээ боловсролын хөгжлийн хандлагад агуулгыг хялбаршуулан элементарчлах шаардлага тавигдаж байгааг (Сургууль, соёлын хөгжлийн шинэ чиг хандлага. УБ., 2003. 11 т.) анхааран үзэх нь зүйтэй. Миний бодлоор Монгол Улсын боловсролын тогтолцоонд тусгагдсан “гүн ухаан”, түүний салбар ухаануудын хичээл нь Монгол хүний мөн чанарыг төлөвшүүлэх үндсэн зорилготой байх ёстой. Өөрөөр хэлбэл түүнд суралцагсад би хэн бэ? гэдэгтээ (овог, нэр биш гүн ухааны агуулгаар. Наад зах нь “би Монгол хүн” хэмээх утга) бүрэн дүүрэн биш юм аа гэхэд хангалттай хэмжээний итгэл үнэимшил төлөвшүүлэх, түүнээс үүдээд амьдралын зорилго түүнд эзлэх байр сууриа тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэх зангилаа боловсрол эзэмших явдал юм. Түүнээс бус хэн нэгний сургаал номлолын “бай” болох гэж гүн ухаанд суралцахгүй. Хэрвээ Монголын боловсролын тогтолцоо дэлхий нийтийн зохих шаардлагыг хангаж чадах юм бол энэ асуудлыг дээд боловсролын түвшинд бус сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хүрээнд бүрэн эзэмшиж шийдвэрлээд энд өгүүлж буй түвшинд мэргэжлийн бус анги нь сонгох эрх бүхий хичээлийн статустай, мэргэжлийнх нь гүн ухаан судлалын нарийвчилсан мэдлэгтэй танилцах, түүгээр судалгаа хийх чадвар эзэмших үйл явц шаардагдана.

Манай оронд гүн ухааныг түүний судлалаар төлөөлүүлэн ойлгож буйн уршгаар ерөнхий боловсролын түвшинд түүний агуулга “нийгмийн тухай мэдлэг” хичээлийн хүрээгээр хязгаарлагдаж, Монгол хүүхэд өөрийгөө танин мэдэж, тодорхойлж, цаашдын чиг хандлагаа тогтоож чадаагүйн улмаас өөрийнхөө авъяас чадвар, хүсэл сонирхолд бүрэн нийцсэн мэргэжлийг сонгож бус, ашиг олох боломжтой (эдүгээ эдийн засаг, хуулийн мэргэжилд хамгийн их өрсөлдөж байгаа), аль эсвэл диплом өвөрлөх төдий зорилгоор ямар нэгэн мэргэжлийг чадан ядан эзэмшдэг хэвшил төлөвшин тогтож Монголын нийгмийн хөгжлийг дүр эсгэсэн, номчирхсон мэргэжилтнүүд ажил хэргээр бус ам хэлээр, бичиг цаасаар гүйцэлдүүлдэг ужиг муу үр дүнг үүсгэж байгаа нь туйлын хохиролтой. 1980-аад оны сүүлээр Монголд хэд хоногоор ирээд буцсан Япон хүүхэд “Монгол бол дээвэргүй шорон” гэсэн сэтгэгдлээ бичсэн нь одоо сонсоход хатуу, тухайн үедээ хэт цочмог сэдэв болж байсан нь Монголын хүүхдийн боловсролын (гүн ухаан, түүний агуулгад хамрагдах ёс зүй, гоо зүй) харьцуулсан хир хэмжээг нэгэн талаар тодорхойлсон хэрэг бөгөөд ийм түвшин өнөө ч бараг хэвээрээ зарим тохиолдолд илүү эмх замбараагүй шинжтэй болж төлөвшсөн нь эцсийн дүндээ гүн ухаанаар мэргэшигчид бид бүхний ажлын үр дүн, “ололт амжилт” болж байна. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээх зүй ёсоор дээр өгүүлсэн олон арван жилийн турш Монгол иргэд төлөвшиж, улс орныхоо, үндэстнийхээ хувь заяаг тодорхойлж байгаа ба өөрийнхөө, өөрсдийнхөө мөн чанарыг танин мэдэж, хандах зүгээ тогтоож чадалгүй харийг шүтэж, харсныгаа дууриаж, дагаж гүйгээд мухардаж, даяарчлал хэмээн омгорхож, давилуун зангаар чичилцэж суусаар “буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээх”-ийн үлгэрийг гэрчилж байна. Энэ бүхнээс үзэхэд гүн ухаан судлаачдын болон багш нарын давын өмнө хийж гүйцэтгэвэл зохих ажил нь ерөнхий боловсролын тогтолцоонд Монголын гүн ухааны агуулгыг эзэмшүүлэх асуудал болж байна. Ингэсэн нөхцөлд дээд боловсролын түвшин дэх агуулгын зөрчил шийдвэрлэгдэх боломжтой. Монголын боловсролын тогтолцоо технологи, арга зүйн шинэлэг хувилбаруудыг хэрэгжүүлж ирснээс бус бүхэлд нь агуулгын шинэчлэлийг хараахан хийгээгүй байгаатай энэхүү үйл явц холбогдож байна.

Монголын гүн ухааны сургалтад шийдвэрлэвэл зохих бас нэгэн асуудал нь заах арга зүйн асуудал яах аргагүй мөн. Дээд боловсролын түвшинд гүн ухааны хичээлийг заахдаа зөвхөн онолын хүрээн дэх лекц, семинарын хэлбэрт дулдуйдаж, тэр тусмаа томоохон сургуулиудад нэг дамжааны олон ангийн <70-100 оюутныг нэг том зааланд суулгачихаад хэлж өгөн бичүүлэх шиг (яг бага ангийн хүүхдэд цээж бичиг бичүүлж байгаа юм шиг) уйтгартай, бас зовлонтой ажил байдаггүй. Хэрэв хэлж өгч бичүүлэхгүй яриад явчихвал нөгөө олон оюутан маань бас зэрэгцэн ярьж шуугиад ёстой хачин юм болдог> (Б.Батчулуун. Философи гэж юу вэ? УБ.,2004. 14 т.) тул хоорондоо ярьж шуугих чөлөө өгөхгүйн тулд сэхээ сэвгүй бичүүлж сургадаг зуршил нэгэнт хэвшин тогтсон байна. Энэ “уламжлалт” сургах арга барил нь хүний анхаарал идэвхитэй төвлөрөх нөхцөл бололцооноос хальж гарсан төдийгүй агуулгын гажуудалтай уялдан суралцагчдад “нойрны эм”, эсвэл “харшил”-ын нөлөөг үзүүлж, Монголын гүн ухааныг сонирхох, түүнийг судлах сэдлийг унтраах, хөндийрүүлэх гол арга хэрэгсэл болжээ. Үлгэрлэвэл тарианы үрийг хөрсөнд суулгаж, ургуулах зорилготой багаж зэвсэг нь харин түүнийгээ үхүүлэх хорт нөлөөг өөртөө шингээсэн байгаа тул ургац авах ямар ч найдвар төрүүлэхгүй байна. Тиймээс гүн ухааны хичээлийн заах арга зүйг (нэн ялангуяа мэргэжлийн бус ангийн) үтэр түргэн шинэчлэх шаардлагатай болжээ. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн жишээн дээр үзвэл 1992-1996 онуудад гүн ухааны хичээлийг сургалтын хөтөлбөрөөс бүрмөсөн хассан бөгөөд түүнээс хойш сонгох хичээлийн тоонд оруулснаар нийт оюутнуудын дөнгөж 30 орчим хувь нь түүнийг сонгон хичээллэх болсон байна. (Д.Цогтсайхан. Залуу мэргэжилтнүүдэд философи сэтгэлгээний соёл төлөвшүүлэх нь. “Философи, соёл судлалын тулгамдсан асуудал. ЭШБХ. УБ., 2004.) Энэ нь түүний дүгнэснээр философийн боловсрол олгох, заах аргын асуудлыг суралцагсдын зүгээс харах, дүгнэхгүйгээр өнөөг хүртэл субъектийн зүгээс харж байгаатай холбоотой байна.

Ийм хандлагатай өнөөг хүртэл хэрэгжиж байгаа заах арга зүйн ерөнхий бүдүүвч нь: амьдралд (хамгийн наад зах нь төрөлх үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, соёл, ахуйн өвөрмөц орчин) нийцсэн эсэхээс үл хамааран тухайн багш сурах бичиг, судалгааны бүтээлд тулгуурлан онолын мэдлэгийг лекцээр дамжуулан суралцагчдад цээжлэх, бичих голцуу үйл явцаар албадан ой тогтоолт зонхилсон хийсвэр мэдлэгийг төлөвшүүлж, энэ нь эцсийн дүндээ мэргэжлийн бус хүмүүсийн хувьд хэрэгжүүлэх ямар ч боломжгүй идэвхигүй мэдээлэл болж хувирдаг бол мэргэжлийн судлаачдын (мэргэжлийн ажлаа эрхлэж буй) хувьд ажил, үүргийн шаардлагатай уялдан уг хийсвэр мэдлэгээ гүнзгийрүүлэх явцад шүүмжлэлт болон дэвшилт үзэл санааны үндсэн дээр онолын эрэлт бий болж, тэр нь эргээд онолын мэдлэгийг эрдэм шинжилгээний тодорхой түвшинд дахин боловсруулах, түүнээсээ зохих ололт амжилт гаргахад хүргэж байна.

Эндээс үзвэл өнөөгийн гүн ухааны хичээлийн заах арга зүйн хандлага нь зөвхөн гүн ухаан судлалын мэргэжилтэн бэлтгэхэд харьцангуй зохимжтой ба мэргэжлийн бус ангид ерөнхий мэдлэг олгох явцад туйлын ач холбогдол багатай байгаа нь ажиглагдаж байна. Энэ байдлыг нэн даруй засамжлахгүй аваас нийгмийн сэтгэл зүйд “гүн ухаан” огт хэрэггүй гэсэн сэтгэгдэл улам бүр гүнзгийрэн даамжирч, тэр нь гүн ухааны болон түүний судлалын хөгжилд ноцтой хор хохирол үзүүлэхэд хүрч болзошгүй юм.

Олон нуршаа үг үл өгүүлэн заах арга зүйн шинэчлэлийг хэрхэн хийж болох талаар өөрийн бодлыг өгүүлсүү. Монголд төдийгүй дэлхий нийтийн боловсролд энэ талаар тэргүүлэх зэргийн улс орнуудын туршлагад дулдуйдан боловсролын прагматизм бодлогын хэмжээнд тавигдаж байхад юутай ч атугай одоогийн байдлаар “гүн ухаан” хичээлд түүний хүртээл нэн бага байна. Тэгэхээр юуны өмнө “гүн ухаан” хичээлийн заах арга зүйг прагматичлах шаардлагатай гэсэн үг. Нэг үгээр хэлбэл хичээлийн зорилго, зорилтыг дэвшүүлэн тавьж, хичээлийн суралцах сэдлийг үүсгэх хандлагаа өөрчилж, онолын баримтлалаас бус практик туршлагаас эх үүсвэр авч, түүнд оршин байгаа шийдвэрлэвэл зохих асуудал болон шинж чанар, тал хандлагуудыг судлан илрүүлж, томъёолон тодорхойлох, түүний үндсэн дээр олон талт хувилбаруудыг эргэцүүлэн мэтгэлцэх замаар харьцангуй хийсвэр мэдлэг бүхий сэтгэлгээний дадлага туршлагыг мэргэжлийн бус оюутнуудад төлөвшүүлэн, тэр нь практикт (үндэсний өв соёл, сэтгэлгээний ололт амжилт, хамрагдаж буй болон хамрагдах чиг хандлагатай нийгмийн анги бүлгийн ашиг сонирхол) үндэслэсэн хувьдаа амьдралын алхам тутамд гүнзгийрүүлэх боломжтой идэвхитэй мэдээлэл, мэдлэг болон хуримтлагдаж түүнийгээ хэрэгжүүлэх оролдлогынхоо явцад туршлагад дахин түшиглэж шинэ шатны үр дүнг бодитоор гардан бүтээж, жинхэнэ эрдэм болгож авах бол мэргэжлийн гүн ухаан судлаачдын хувьд тэрхүү практик мэтгэлцээний явцад үүссэн мэдлэгтээ тулгуурлан өөрийн болон төрөлх үндэстэн, улс орныхоо хүсэл сонирхол, эрх ашигт нийцсэн судалгааг шинжлэх ухааны рациональ арга зүйн дагуу гүйцэтгэснээр тэр нь нийгмийн бодит эрэлтийн зүй ёсоор асуудлыг шийдвэрлэх явдалд хүргэж, онолын үндэслэлтэйгээр туршлагад хандаж, өргөн далайцтай цар хүрээ, нарийвчлан гүнзгийрүүлсэн утга агуулгаар түүнийг баяжуулан хэрэгжүүлснээр нэг талаас Монголын гүн ухааны судлалыг шинжлэх ухааны түвшинд судлан тогтолцоожуулах, нөгөө талаас тэрхүү мэдлэгийн үр дүнг амьдралд зохистой хэрэгжүүлэх шаардлагыг хангах боломжтой хэмээн үзэж байна.

Эндээс урган гарч байгаа бас нэгэн асуудал бол гүн ухааны хичээлийн үнэлгээний тухай юм. Хэрвээ заах арга зүйг нь зарчмын хувьд шинэчлэх юм бол түүнийг дагаад үнэлэх арга барил нь өөрчлөгдөх ёстой. Одоогийн байдлаар суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэхдээ багшийн “цээж бичлэг” хийлгэсэн лекцийн агуулгыг хэрхэн сайн цээжилж, түүнийгээ заагдсан үзэл, онолын дагуу (өөрөө хичнээн ондоогоор, бүтээлчээр сэтгэж байсан ч гэсэн ялгаагүй) ярьж чадаж байгаа болон бэлтгэгдсэн тестийн хариуг дугуйлж амжсанаар нь оноо цуглуулж дүгнэдэг. Ийм үнэлгээний арга бол суралцагчдад шалгалтын өмнө хиймлээр бэлддэг, хүний өмнө бусдын үгээр аялдан дагалдах дадлага туршлагыг хуримтлуулаад зогсохгүй бие даасан сэтгэлгээний хүрээ хязгаарыг хумин боогдуулж, түүнийгээ илэрхийлэх чадварыг бууруулж байна гэж үзэхэд үнэнээс гажуудахгүй.

Тэгвэл заах арга зүйн зарчмыг шинэчлэснээр гүн ухааны хичээлийн үр дүнг үнэлэхдээ тодорхой практикаас олж харсан шинэ тал хандлага, шинж чанар, түүнд тулгуурлан хийвэл зохих өөрийн гэсэн дүгнэлт, амьдралд хэрхэн хэрэгжүүлэх боломжийн талаархи бүтээлч санал зэрэг ямагт тухайн суралцагчийн бие даасан хандлагаа илэрхийлж буй түвшнээр нь үнэлэх хэрэгтэй. Ер нь гүн ухааны түүхийнхээс бусад асуудлаар шалгаж үнэлэхэд буруу, зөв ярьж байгаа асуудал илүү чухал бус харин сайн, муу үндэслэж, судлаж, шийдвэрлэж чадсанаар нь үнэлэх явдал нэн эрхэм.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.